Зэрэглэл тогтоосон үндэслэл
Байгууллагын нэр | Зэрэглэлийн төрөл | Зэрэглэлийн үйл ажиллагаа | Үнэт цаасны дүн | Өмнөх зэрэглэл (төлөв) | Одоогийн зэрэглэл (төлөв) | Огноо |
СЭНДЛИ ББСБ ХК | Байгууллагын зэрэглэл | Шинээр тогтоосон | mnA- (Тогтвортой) | 2024.12.06 | ||
СЭНДЛИ ББСБ ХК | Сэндли ОТС Бонд | Шинээр тогтоосон | 5,000,000,000 төгрөг | mnA- (Тогтвортой) | 2024.12.06 |
Компанийн тухай
Сэндли ББСБ ХК (цаашид “Сэндли ББСБ”, “Компани” гэх) нь 2015.05.04-ны өдрийн 13148 тоот шийдвэрээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Гялс кредит” (Улсын бүртгэлийн гэрчилгээ No9007001010, регистрийн дугаар 5961548) нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Сэндли ББСБ ХК нь 2022 оны 9 сарын 26-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр компанийн нийт хувьцааны 29.97%-г Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох зөвшөөрлийн дагуу олон нийтэд санал болгож нээлттэй компани болсон.
Санхүүжих чадавхын зэрэглэлийг дэмжих хүчин зүйлүүд:
• Иргэдэд чиглэсэн зээл, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг амжилттай ажилласан туршлагатай, хэрэглэгчийн эрэлтийг соргог мэдэрч технологи болон шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж хурдтай өсөж буй байгууллага;
• Олон нийтэд нээлттэй, сайн засаглал ба эрсдэлийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэн ажиллаж буй мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлсэн;
• Өөрийн хөрөнгийн чадавх, санхүүжих өрийн хэрэгслийн төрөлжилт сайн, дотоодын зах зээлээс эх үүсвэр татсан туршлагатай;
• Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, санхүүгийн үйлчилгээний зах зээлд хувь нэмрээ оруулах хүчин чармайлт гарган ажилладаг;
• Олон улсын байгууллагаар зэрэглэл тогтоолгож байгууллагын зэрэглэлийг α- буюу санхүүгийн тогтвортой байдлын хэтийн төлөв сайн гэсэн үнэлгээ авсан;
• Зээлийн багцын өсөлт нь ашигт ажиллагаа, хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтүүдэд сайн нөлөөтэй байна.
Санхүүжих чадавхын зэрэглэлийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд:
• Үнэт цаас гаргагчийн санхүүгийн хөшүүрэг нэмэгдсэнээр өр төлбөрийн дарамт нэмэгдэх, санхүүжилтийн зардал өсөх, санхүүгийн тогтвортой байдал буурах эрсдэлтэй;
• Зээлийн багцын эрсдэл өсөх, багцын өгөөж буурах, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ тухайлбал мерчантын болон цахим зээл (барьцаагүй)-ийн эрсдэл болон мэдээллийн технологи, кибер эрсдэл өсөх;
• Байгууллагын мөнгөн хөрөнгийн удирдлага, мөнгөн урсгалын төлөвлөлтийг сайжруулах, хөрвөх чадварын болзошгүй эрсдэл;
• Компани одоогийн богино хугацааны бизнесийн огцом өсөлтийг ирээдүйд хадгалах, өсөлтийг дагасан зээлийн төвлөрөл болон чанарын эрсдэлийг удирдахад хүндрэлтэй;
• Үнэлгээ нь албан ёсоор тогтоосон тайлант үеийн байдлаарх санхүүжих чадавхыг илэрхийлэх бөгөөд тайланд тусгагдсан өрийн үүргийг хугацаанд нь биелүүлэх чадварын талаарх дүгнэлт болно. Цаашид бий болох өрийн үүрэг нь энэ үнэлгээнд хамрагдахгүй болно.
Тодруулга
Сэндли ББСБ ХК-ийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг гүйцэтгэхдээ үнэт цаас гаргагчаас бэлтгэж өгсөн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээ материалууд, олон нийтэд ил тавигдсан эдийн засгийн, эрх бүхий зохицуулагч байгууллагаас гаргасан банк бус санхүүгийн салбар болон хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжууд дээр үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд батлуулсан арга зүй аргачлалд тулгуурлан https://www.onch-rating.mn/mn/ бие даасан хараат бус байдлаар үнэлсэн болно.
Зэрэглэл тогтоох байгууллага нь үнэт цаас гаргагчийн бэлтгэн өгсөн санхүүгийн тайлан болон санхүүгийн мэдээ тайланд аудит хийдэггүй, тус тайланд дурдагдсан үнэт цаас гаргагчийн гаргаж өгсөн баримт материалын үнэн зөв байдлыг хариуцахгүй, үнэлгээний тайланд дурдагдсан чанарын болон тоон төсөөллүүдийн биелэлтэд баталгаа гаргахгүй болно.
Санхүүжих чадавхын зэрэглэл тодорхойлох тайлан нь үнэт цаас худалдах, худалдан авах зөвлөмж биш юм. Зэрэглэл тогтоох байгууллага нь энэхүү тайланд дурдсан мэдээлэлд үндэслэн гуравдагч этгээдийн зээл, хөрөнгө оруулалт, бизнесийн шийдвэрийн үр дүнг хариуцахгүй.