ИНСА ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд химийн бодис, технологийн бүтээгдэхүүн, уул уурхайн зориулалттай түүхий эд, барилга, сантехник, цахилгаан угсралт, инженерийн шугам сүлжээ болон эрчим хүчний ханган нийлүүлэлтийн чиглэлээр 19 жил үйл ажиллагаа явуулж байна. Компани нь химийн хортой аюултай бодисын экспорт, импорт, тээвэрлэлт, ашиглалт, худалдаа болон барилгын чиглэлийн тусгай зөвшөөрлтэй.
2016 оноос хойш Чех, ОХУ, Герман, Энэтхэг, Украин, Казахстан, Хятад зэрэг орны нэр хүндтэй үйлдвэрлэгчдээс феррохром, ферросилици, ферромарганец, галд тэсвэртэй эдлэл, химийн бодис, технологийн материалыг нийлүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК зэрэг томоохон захиалагчдад чанарын өндөр түвшинд ханган нийлүүлж байна.
ИНСА ХХК нь Чех, ОХУ, Герман, Энэтхэг, Украин, Казахстан, Хятад зэрэг орнуудын 80 гаруй жилийн түүхтэй нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн албан ёсны дистрибьютер бөгөөд химийн болон аюултай бодисын экспорт, импорт, барилга угсралтын чиглэлээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компани нь олон улсын техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, Монголын тэргүүлэгч уул уурхайн компаниудын найдвартай нийлүүлэгчээр олон жил тогтвортой ажилласан туршлагатай.
Компанийн үйл ажиллагаа нь өндөр зохицуулалттай, өрсөлдөөн харьцангуй бага салбарт хамаардаг ба үйл ажиллагаагаа тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлж буй нь бизнесийн туршлага, мэргэжлийн чадавх, өрсөлдөх давуу талыг тодорхой харуулж байна.
2024 оноос эхлэн ИНСА ХХК нь биржийн бус зах зээл дээр “Инса 1-6” цуврал бондуудыг амжилттай гаргаж, эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж байгаа, компанийн санхүүжилтийн удирдлагын туршлага, зээлжих итгэлцэл, зах зээлийн нэр хүндийг бэхжүүлсэн чухал хүчин зүйл болж байна.
ИНСА ХХК-ийн санхүүжих чадварт инфляц, бодлогын хүү, валютын ханшийн хэлбэлзэл зэрэг макро эдийн засгийн хүчин зүйлс сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Компанийн импортын хамаарал өндөр тул түүхий эд, технологийн материалын үнэ, нийлүүлэлтийн саатал, тээвэр логистикийн зардлын өсөлт нь ашигт ажиллагаа болон мөнгөн урсгалд дарамт үүсгэж болзошгүй. Мөн борлуулалтын орлого цөөн тооны томоохон харилцагчдад төвлөрсөн, санхүүжилтийн хэмжээ өсөхийн хэрээр өрийн дарамт нэмэгдэх боломжтой нь төлбөрийн чадварын эрсдэлийг өсгөж байна. Түүнчлэн санхүүгийн мэдээллийн ил тод байдал, удирдлагын тайлагнал, мэдээллийн урсгалыг сайжруулах шаардлагатай байгаа нь шийдвэр гаргалт болон эрсдэлийн удирдлагад сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.
Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.