December 10, 2025

"ЛэндМН ББСБ" ХК-ийн бондын зэрэглэлийг "mnBBB" "Тогтвортой" түвшинд тогтоов.

Компанийн тухай

ЛЭНДМН ББСБ ХК нь 2006 онд байгуулагдаж, 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Тус компани нь зээл олгох, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, факторинг, итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжаа зэрэг нийт 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2018 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсон. ЛЭНДМН нь Монголын санхүүгийн зах зээлд финтек технологийг нэвтрүүлж, LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, түргэн шуурхай хэрэглээний болон бизнесийн цахим зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн олон улсын MFR байгууллагаас “Харилцагчийг Хамгаалах Сертификат”-ын мөнгөн түвшний стандартыг хангасан.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг дэмжих хүчин зүйлүүд:

ЛЭНДМН ББСБ ХК нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек зээлийн үйлчилгээг Монголын санхүүгийн зах зээлд анхлан нэвтрүүлж, дижитал санхүүгийн салбарт тогтвортой, манлайлан ажиллаж байна. Компанийн борлуулалт, ашиг болон зээлийн багц сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн нь санхүүгийн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлсэн. Мөн IPO, бонд, хувьцааны арилжаагаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт амжилттай татаж, эргэн төлөлт хийсэн туршлагатай нээлттэй хувьцаат компани бөгөөд хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндтэй байна.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд:

ЛЭНДМН ББСБ ХК-ийн санхүүжих чадварт инфляц, бодлогын хүү, валютын ханшийн тогтворгүй байдал зэрэг макро эдийн засгийн хүчин зүйлс сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн борлуулалтын орлого буурах, мөнгөн урсгал төлбөрийн үүргийг бүрэн хангаж чадахгүй болох, санхүүжилтийн хэмжээ өсөхийн хэрээр өрийн дарамт нэмэгдэх зэрэг нь төлбөрийн чадварт эрсдэл үүсгэж болзошгүй. Үүнээс гадна салбарын өрсөлдөөн, зохицуулалтын өөрчлөлт, хөрөнгө ба эх үүсвэрийн хугацааны зөрүү, зээлийн чанарын үзүүлэлтүүдийн бууралт нь компанийн урт хугацааны тогтвортой өсөлт, активын чанар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээнд дарамт учруулах боломжтой.

Тодруулга

Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.

Шинээр нэмэгдсэн