Сэндли ББСБ ХК нь 2015 онд “Гялс кредит” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд банк бус санхүүгийн салбарт 9 жил үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2022 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааны 29.97 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсон.
Сэндли ББСБ ХК нь зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа, итгэлцэл, факторинг болон төлбөрийн баталгаа гаргах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
Сэндли ББСБ ХК нь иргэдэд чиглэсэн зээл болон олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн технологи, шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Тус компани нь олон нийтэд нээлттэй, сайн засаглал болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог хөгжүүлж буй мэргэшсэн удирдлагын багтай. Мөн өөрийн хөрөнгийн чадавх, санхүүжилтийн эх үүсвэрийн төрөлжилт сайн, дотоодын зах зээлээс эх үүсвэр татсан туршлагатай бөгөөд нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаар дамжуулан санхүүгийн үйлчилгээний зах зээлд хувь нэмэр оруулж байна.
Сэндли ББСБ ХК-ийн санхүүжих чадварт санхүүгийн хөшүүрэг нэмэгдэх, өр төлбөрийн дарамт болон санхүүжилтийн зардал өсөх зэрэг эрсдэл нөлөөлж болзошгүй байна. Мөн зээлийн багцын эрсдэл, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ, барьцаагүй цахим зээл, мэдээллийн технологи болон кибер эрсдэл нэмэгдэх боломжтой. Үүнээс гадна мөнгөн хөрөнгийн удирдлага, мөнгөн урсгалын төлөвлөлтийг сайжруулах шаардлагатай бөгөөд богино хугацааны огцом өсөлтийг цаашид тогтвортой хадгалах, зээлийн төвлөрөл болон чанарын эрсдэлийг удирдахад хүндрэл үүсэж болзошгүй.
Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.