АЙ СИ ТИ ГРУПП ХК нь 2013 онд байгуулагдсан, мэдээллийн технологи, дижитал шилжилт, программ хангамж хөгжүүлэлт, дата төв, клауд үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдал болон технологийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь 13 жилийн турш төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зориулсан 500 гаруй төсөл хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, санхүү, уул уурхай, төрийн үйлчилгээ зэрэг олон салбарт цогц технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн туршлагатай. АЙ СИ ТИ ГРУПП ХК нь мэргэшсэн хүний нөөц, технологийн экосистем, олон салбарын туршлагадаа тулгуурлан Монгол Улсын дижитал шилжилтийг дэмжих найдвартай, үр ашигтай шийдлүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.
АЙ СИ ТИ ГРУПП ХК-ийн санхүүжих чадварын зэрэглэлийг салбар дахь 13 жилийн туршлага, зах зээлийн байр суурь, мэргэшсэн хүний нөөц, технологийн чадавх болон олон салбарт хэрэгжүүлсэн төслийн туршлага дэмжиж байна. Дата төв, клауд үйлчилгээ, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, финтек, блокчайн зэрэг төрөлжсөн үйл ажиллагаа нь орлогын эх үүсвэрийг өргөжүүлэх боломжтой. Мөн охин, хараат болон хөрөнгө оруулалттай компаниудаас бүрдсэн технологийн экосистем нь урт хугацааны өсөлт, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын өгөөжийг дэмжиж байна. Санхүүгийн хувьд өөрийн хөрөнгө давамгайлсан, өрийн хамаарал харьцангуй бага капиталын бүтэцтэй байгаа нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, нэмэлт санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлж байна.
АЙ СИ ТИ ГРУПП ХК-ийн санхүүжих чадварын зэрэглэлийг макро эдийн засаг, санхүүжилтийн орчны эрсдэл, санхүүгийн төлөвлөгөөний хэрэгжилт болон хөрвөх чадварын эрсдэл хязгаарлаж байна. Инфляц, бодлогын хүү, валютын ханш, санхүүжилтийн өртгийн өөрчлөлт нь компанийн зардал, төлбөрийн чадвар болон мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлөх боломжтой. Мөн төсөл хэрэгжилт удаашрах, гэрээний хэмжээ буурах, өртөг нэмэгдэх тохиолдолд орлого, ашиг ажиллагаа хүлээлтээс доогуур гарах эрсдэлтэй. Үүнээс гадна үндсэн үйл ажиллагааны ашиг тогтворжоогүй, санхүүгийн зардал өндөр, авлагын хэмжээ их байгаа нь компанийн богино хугацааны төлбөрийн чадварыг мөнгөн урсгал болон авлагын эргэн төлөлтөөс хамааралтай болгож байна.
Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.