ИНСА ХХК (цаашид “ИНСА”, “Компани” гэх) нь 2006.10.25-ны өдрийн №01 тоот шийдвэрээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “ИНСА” ХХК (Улсын бүртгэлийн гэрчилгээ No9011061097, регистрийн дугаар 5092396) нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Компани нь химийн бодис, технологийн бүтээгдэхүүн, уул уурхайн зориулалттай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа, барилга, сантехник, цахилгаан угсралт, зураг, төсөл, инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэл, эрчим хүчний угсралт ба ханган нийлүүлэлт чиглэлээр 19 жил үйл ажиллагаа явуулж байна.
2016 оноос хойш Чех, ОХУ, Герман, Энэтхэг, Украйн, Казакстан болон Хятад зэрэг орнуудын 80 гаруй жилийн түүхтэй нэр хүндтэй үйлдвэрлэгч компаниудаас Феррохром, Ферросилици, Ферромарганец, Галд тэсвэртэй эдлэл, Химийн бодис, Технологийн материалуудыг “Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон захиалагчдад чанарын өндөр түвшинд нийлүүлж байна.
ИНСА ХХК нь Чех, ОХУ, Герман, Энэтхэг, Украин, Казахстан, Хятад зэрэг орнуудын 80 гаруй жилийн түүхтэй нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн албан ёсны дистрибьютер бөгөөд химийн болон аюултай бодисын экспорт, импорт, барилга угсралтын чиглэлээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компани нь олон улсын техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, Монголын тэргүүлэгч уул уурхайн компаниудын найдвартай нийлүүлэгчээр олон жил тогтвортой ажилласан туршлагатай;
Мөн компанийн үйл ажиллагаа нь өндөр зохицуулалттай, өрсөлдөөн харьцангуй бага салбарт хамаардаг ба үйл ажиллагаагаа тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлж буй нь бизнесийн туршлага, мэргэжлийн чадавх, өрсөлдөх давуу талыг тодорхой харуулж байна;
2024 оноос эхлэн ИНСА ХХК нь биржийн бус зах зээл дээр “Инса 1–7” цуврал бондуудыг амжилттай гаргаж, эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж байгаа, компанийн санхүүжилтийн удирдлагын туршлага, зээлжих итгэлцэл, зах зээлийн нэр хүндийг бэхжүүлсэн чухал хүчин зүйл болж байна;
Инфляцийн дарамт, бодлогын хүүний хэлбэлзэл, гадаад валютын ханшийн тогтворгүй байдал зэрэг макро эдийн засгийн хүчин зүйлүүд нь импортын өртөг болон зардлын бүтцийг нэмэгдүүлж, компанийн ашигт ажиллагаа, зардлын бүтэц, мөнгөн урсгалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй;
Компанийн санхүүгийн төлөвлөгөө бүрэн хэрэгжихгүй байх, борлуулалтын орлогын тасалдал үүсэх, орж ирэх мөнгөн урсгал нь төлбөрийн урсгалыг хангаж чадахгүй байх нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой. Хэдийгээр хөрвөх чадвар одоогоор сайн түвшинд байгаа ч, санхүүжилтийн хэмжээ өсөхийн хэрээр өрийн дарамт нэмэгдэж, богино хугацааны хамаарал нь төлбөрийн чадварын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй;
Компанийн бизнесийн бүтэц импортын хамаарал өндөртэй байгаа нь түүхий эд, технологийн материалын олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн саатал, тээвэр ложистикийн зардлын өсөлтөд мэдрэг байдал үүсгэж байна. Энэ нь компанийн ашигт ажиллагаа, зардлын үр ашгийг богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй;
Харилцагчдын хүрээ харьцангуй хязгаарлагдмал, борлуулалтын орлогын ихэнх хэсэг цөөн тооны томоохон хэрэглэгчдэд төвлөрсөн байгаа нь орлогын тогтвортой байдал, төлбөрийн саатлын эрсдэлийг нэмэгдүүлж байна;
Компанийн санхүүгийн мэдээллийн ил тод байдал, удирдлагын тайлагналын чанар болон мэдээллийн урсгалыг сайжруулах шаардлагатай байгаа нь мэдээллийн найдвартай байдал буурах, шийдвэр гаргалтын үр нөлөө сулрах, эрсдэлийн удирдлага хангалтгүй хэрэгжих зэрэг эрсдэл үүсгэх боломжтой байна;
Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.