March 24, 2026

"Нэткапитал Мобайл БЗГ ХХК" -ийн бондын зэрэглэлийг "mnBB" "Хувьсах" түвшинд тогтоов.

Компанийн тухай

“Нэткапитал Мобайл БЗГ” ХХК нь “Нэткапитал” санхүүгийн нэгдлийн гишүүн компани бөгөөд автомашины барьцаат зээлийн үйлчилгээг үзүүлж, зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж, харилцагчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх замаар салбартаа жишиг шийдлийг бүрдүүлэх зорилготойгоор 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь “Нэткапитал” санхүүгийн нэгдлийн 26 компанид менежментийн үйлчилгээ үзүүлж, нэгдлийн хэмжээнд стратегийн уялдааг хангах, нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, чиг үүргийн давхардлыг бууруулах, мэргэшлийг хөгжүүлэх замаар захиргааны зардлыг оновчлох, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиг үүрэгтэй. Тус нэгдлийн санхүүжих чадварыг олон улсын MicroFinanza Rating байгууллагаас “BBB+”, “Тогтвортой” төлөвтэйгээр үнэлсэн нь нэгдлийн засаглал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тогтвортой байдлыг эерэгээр илэрхийлж байна.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг дэмжих хүчин зүйлүүд:

“Нэткапитал Мобайл БЗГ” ХХК нь 2017 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, “Нэткапитал” санхүүгийн нэгдлийн гишүүн компани бөгөөд барьцаат зээлийн бүтээгдэхүүнд төвлөрөн хууль, зохицуулалтын шаардлагыг мөрдөн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд компанийн ашигт ажиллагаа өсөх хандлагатай, зээлийн багц тогтвортой тэлж, зээлийн эрсдэлийн санг зохистой түвшинд бүрдүүлснээр зээлийн чанар болон өрсөлдөх чадвараа хадгалж байна. Мөн “Нэткапитал” нэгдлийн төвлөрсөн менежмент, олон улсын “BBB+” үнэлгээ нь эрсдэлийн удирдлага, бодлого, шийдвэр гаргалтын тогтолцоо сайн байгааг харуулж, цаашид санхүүжилтийн нөхцөл сайжрах боломжийг бүрдүүлж байна.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд:

Компанийн санхүүжих чадварт макро эдийн засгийн орчин, инфляц, бодлогын хүү, валютын ханшийн хэлбэлзэл зэрэг гадаад хүчин зүйлс сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн зах зээлийн нөхцөл, зээлийн эрэлт, харилцагчдын төлбөрийн чадвараас хамааран мөнгөн урсгалын хүрэлцээ болон төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлэх чадварт дарамт үүсэх боломжтой. Үүнээс гадна салбарын өрсөлдөөн, зохицуулалтын өөрчлөлт, актив пассивын хугацааны зөрүү нь урт хугацааны өсөлт болон мөнгөн урсгалын удирдлагад сорилт үүсгэж болзошгүй. Түүнчлэн төвлөрсөн менежмент, холбоотой талаас өндөр хувиар санхүүжилт бүрдүүлж байгаа нь гадаад хамаарал, эх үүсвэрийн төвлөрөл, засаглалын хараат байдал зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Тодруулга

Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.

Шинээр нэмэгдсэн