April 5, 2026
•
5 минут уншина
Монгол улсын зээлжих зэрэглэл

Сүүлийн жилүүдэд “Монгол улсын зээлжих зэрэглэл” гэдэг үг түгээмэл сонсогдох болсон. Гэхдээ чухам энэ нь юу гэсэн үг болох бидэнд ямар хамаатай вэ?
Та банкнаас зээл авахаар очход банк таны орлого, зарлага, санхүүгийн байдлыг харгалзан энэ хүн зээлээ төлөх чадвартай эсэхийг үнэлдэг. Яг л ийм зарчмаар дэлхийн гурван том агентлаг Fitch Ratings, S&P Global, Moody's улс орнуудыг жил бүр үнэлж, зээлжих зэрэглэл тогтоодог. Энэ үнэлгээ нь зүгээр нэг тоо, үсэг биш. Хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс тухйн улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг харж “энэ улсад хөрөнгө оруулах, зээл олгоход эрсдэл ямар түвшинд вэ? гэж шийддэг. Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргаж мөнгө зээлэхэд хүүний хэмжээ нь ч мөн энэ үнэлгээнээс шууд хамаардаг.
1999 оны 12 сард анх удаа S&P Global Ratings агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B тогтвортой(Stable) гэж үнэлсэн байдаг.
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016–2017 онд “Caa1 (Moody’s) / B− (S&P, Fitch)” буюу өндөр эрсдэлтэй түвшинд” хүрч, түүхэн доод цэгтээ хүрэв.
Уналтад гадаад орчны хүчин зүйлс голлон нөлөөлсөн. Зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 2013–2015 оны хооронд 25–32 хувиар буурч, нүүрсний экспортын хэмжээ 21 хувиар буурсан. Экспортын орлого багасснаар 2011–2012 онд жилд 15 хувь байсан эдийн засгийн өсөлт 2016 онд ердөө 1.3 хувь болтлоо суларчээ. Гэвч зөвхөн гадаад хүчин зүйл нөлөөлөхөөс гадна тухайн үед засгийн газрын нийт зарлага ДНБ-ий 37.5 хувь хүртэл тэлж, орлого буурч байхад зардал нэмэгдсэнээр төсвийн алдагдал дунджаар ДНБ-ий 12 хувьд хүрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Монголбанкны нээлттэй захидалд тэмдэглэснээр 2016 оны наймдугаар сараас эхлэн гурван сарын турш дефляци үргэлжилж, банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл эрс нэмэгдсэн. Улсын зэрэглэл унасны дараа долоон арилжааны банкны зэрэглэл дагаад буурч, Засгийн газар болон хувийн хэвшил гадаад зах зээлээс санхүүжилт татах боломж хумигдан эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлэх хүчин зүйл болжээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2025–2026 онд S&P Global Ratings BB−, Moody’s B1, Fitch B+ бүгд тогтвортой төлөвтэй гэж үнэлж түүхэн дээд цэгтээ хүрэв.
2025 оны арвандугаар сард олон улсын хоёр том агентлаг Монгол Улсын зэрэглэлийг нэгэн зэрэг ахиулсан. Moody's 10 дугаар сарын 16-нд зэрэглэлийг B2-оос B1 болгон дээшлүүлэв. Хоёр долоо хоногийн дараа S&P Global 10 дугаар сарын 30-нд Монгол Улсын зэрэглэлийг "BB, Тогтвортой" болгон ахиулснаар BB ангилалд анх удаа хүрсэн юм. 2022 оноос хойш экспорт тогтвортой нэмэгдэж, ДНБ-д харьцуулсан засгийн газрын өрийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан нь суурь шалтгаан болсон бол Таван Толгой, Оюутолгойн уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалт, хөгжүүлэлт нь 2028 он хүртэл эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 5.5 хувьд хадгалах боломжийг бүрдүүлж байгааг агентлаг онцолсон байна. Зэрэглэлийн дээд ангилал болох "хөрөнгө оруулалтад тохиромжтой" буюу “BBB” хүрэхэд одоогоор хоёр шат дутуу байгаа ч Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын тавцанд тогтвортой өссөөр байна.